 Байгалиас заяасан уран гоё ярих авъяас чадвартай хүмүүс байдаг. Сэтгэл хөдөлгөм түүх хүүрнэж таны анхаарлыг бүрэн дүүрэн эзэмдэхэд тэдэнд ядах юмгүй. Гэтэл яаж ч хичээгээд ингэж чаддаггүй хүмүүс ч байдаг. Тэгэхээр түүх хүүрнэх чадвар гэдэг нь зайлшгүй хөгжүүлэх ёстой авъяас байж таарах нь. Аливаа зүйлийг хэрхэн зөв боловсруулан ярих вэ гэсэн бэлэн жор байхгүй нь мэдээж. Гэхдээ баримтлаад үзвэл таныг амжилтанд хүргэж мэдэх хэд хэдэн дүрэм буй. Эдгээрийг дэс дараатай авч үзье.
1. Ярих гэж буй зүйлээ таван хуруу шигээ мэддэг бай.
Ярьж буй зүйлээсээ болж өгүүлэгч этгээд бусдад итгэл үнэмшилтэй санагддаггүйн үндсэн шалтгаан бол ярих зүйлээ хангалттай сайн бодож боловсруулаагүй, эсвэл дүрсэлж байгаа үйл явдал нь огт өөр хүнд тохиолдсон байдаг.
Өгүүлэгч этгээд ярьж дүрслэх шаардлагатай бүхий л үйл явдлын талаар сайн мэддэг ч гэлээ хүүрнэх үед үйл явдлууд өөр хоорондоо логик уялдаатай биш байдгаас зүгээр л тэдгээрийг тоочиж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Өгүүлэгч этгээд хэн нэгэнд тохиолдсон явдлыг өөрийн мэтээр ярих атлаа үйп явдал ид өрнөж байсан нөхцөл байдлыг мэдэхгүй байх нь бүр муу үр дагаврт хүргэнэ. Үүний үр дүнд тухайн болсон явдал үнэмшил муутай, худал мэт сэтгэгдлийг бусдад төрүүлдэг. Чухам таны өөрийн туршлагад үндэслэсэн түүх илүү үнэний ортой санагдана.
Хүмүүс таны ярьж буй түүхийг илүү сайн хүлээж аваасай гэж хүсвэл тантай ярилцагч хүнд хэрэгцээгээ хэрхэн хангах вэ гэдгийг ойлгуулахын тулд түүнд юу сонсговол дээр вэ гэдгийг та мэдэх хэрэгтэй. Та юу худалдах гэж байгаагаа эсвэл хүмүүсийг юунд ятган итгүүлэх гэж байгаа билээ гэдгийг байнга бодох хэрэгтэй. Таныг сонсогч хүмүүстэй ажиллаж байхдаа чухам ямар үндсэн асуудлыг та хөндөх ёстой вэ? Бүх сонсогчдод ямар мэдээллийг өгвөл тэд үүнийг үндэслэж танаас асуулт тавин, та түүнд хариулснаар асуудлыг шийдвэрлэх гарц олдох вэ? Таны санал болгож байгаа шийдвэрээс тэдэнд ямар үр ашиг гарах вэ? Энэ тухай өөрийн бүх төсөөллийг тусгай хуудас цаасан дээр боловсруулан бичигтүн.
Дараа нь өөрийн үзэл бодлын үнэн зөв гэдгийг батлах баталгаануудыг жагсаан бич. Бүх хэлэгдсэн зүйл бодит байдалд нийцдэг гэдгийг батлах ямар баримт, зөвлөгөө танд байна вэ? Өөр хэн нэгэн тантай адил байдлаар сонсогчдод нөлөөлөхөөр ажиллаж байна уу? Энэ бүх төсөөллийг тусдаа хуудас цаасан дээр жагсаан бич.
Харин одоо сэтгэлийн хөдөлгөөний талаар. Таны буй зүйлийг сонсогчид худалдан авахгүй бол юу болох вэ? Тэд мөнгөө алдаж байна уу эсвэл хүндэтгэлээ гээж байна уу?
Эдгээр бусад материаллаг болон материаллаг бус алдагдалд хүргэх үү? Хэрэв тэд нэн даруй арга хэмжээ авч эхлэхгүй бол юу болох вэ? Мөн л жагсаалт гарга.
Таныг сонсогч хүмүүсийг асуулт тавихад хүргэж, эдгээр асуултуудыг мөн л жагсааж бич.
Эцэст нь та сонсогч олныг ямар үйлдэл хийгээсэй гэж хүсч байна вэ? Энэ бүгдийг нэг бүрчлэн бич. Түүнчлэн үүнийг хийхийн тулд авч хэрэгжүүлэх ёстой бүхий л алхмуудыг нэг бүрчлэн дүрсэл. Түүнээс гадна, хүмүүс ямар ямар зүйл дээр дургүйцлээ илэрхийлж болох вэ гэдгийг тооч. Хэрэв тэнд нэмэлт хөрөнгө эсвэл захирлуудын зөвлөлөөс зөвшөөрөл хэрэгтэй зүйл байгаа бол үүнийг тусад нь жагсаа. Хүмүүс юун дээр дургүйцэж татгалзах вэ гэдэг дээр байж болох бүхий л тохиолдлыг урьдчилан харж чадах ёстой.
2. Өөрийн түүхийг найруулан хүүрнэ
Аливаа чанарлаг түүх нь хэн, юу, хэзээ, хаана, яагаад, яаж гэсэн асуултанд хариулт өгч чаддаг. Үүнийг хэрхэн хийдэг болохыг авч үзье.
А.Сонсогч олны анхаарлыг нэн даруй эзэмд. Сонсогчдын анхаарлыг нэн даруй татаж чадах дүгнэлтийг хэрхэн гаргахыг би тун удахгүй танд харуулна. Харин одоохон-та өөрийнхөө анхаарлыг хянах шаардлагатай гэдгийг ойлгох хэрэгтэй. Танаас таван метрийн зайд байгаа хүмүүс сонсоод өөрсдөд хамаагүй байсан ч хийж байсан ажлаа орхиод таныг сонсоосой гэж хүсч байгаа биз дээ?
Б. Үндсийг тавь. Таны ярих түүхийн энэ хэсэгт гол үндэс суурь бүрэлдэнэ. Энд та сонсогчдодоо хүргэх шаардлагатай бүхий л мэдээллээ цуглуулж ярьж буй зүйлийнхээ мөн чанарыг ойлгуулж, тэд дутагдалтай байгаа мэдлэгийг өгөхөөс гадна үйл явдал өрнөж байгаа нөхцөл байдлыг ерөнхийд нь дүрслэх ёстой. Энэ хэсэгт та сонсогчдод урьд өмнө нь тусдаа хуудас цаасан дээр өөртөө зориулж тэмдэглэж байсан зүйлүүдийг тайлбарлах ёстой юм.
В. Сонсогчдын сэтгэлийн хөдөлгөөнийг хөнд. Тэднийг хамтдаа сэтгэлийн хөдөлгөөнийг даван туулахад хүргэ. Тэдний сэтгэлийг хөндөж зовиурлуулах, эсвэл гүйцэлдэхгүй хүслийг мэдрэх, шунан тачаадах, алдсандаа харуусах зэрэг мэдрэмжийг төрүүлэхүйц нөхцөл байдлыг дүрсэл. Түрүүн бий болгосон жагсаалтаас ядаж гурван зүйлийг сонгон авч түүх хүүрнэх энэ хэсэгт багтаа. Энд чухам хамгийн үлгэр жишээ болохуйц, итгэл үнэмшилтэй хүчин зүйлийг сонгож авсан эсэхээ нягталж шалга.
Г. Баримт нотолгоо гарга. Сонсогчдын мэддэг хэн нэгэн дээр жишээ тат. Хэрэв боломжгүй бол өөртэйгээ ижил төстэй хэн нэгний жишээг ярь. Тэдэнд түүний түүхийг ярьж байхдаа үнэхээр ийм хүн байдаг гэдгийг зайлшгүй батлах хэрэгтэй. Хэрэв энэ нь ч боломжгүй бол өөрийнхөө тухай түүхийг ярь.
Д. Сонсогчдын асуултад хариул. Сонсогчид танаас асууж болох гурваас таван асуулт бичээд түүндээ хариул. Та хийж буй ажилдаа эзэн, тиймээ ямар ч асуултанд хариулах чадвартай гэдгээ харуул. Нэмэлт баталгаа гарга. Ижил төстэй асуудалтай тулгарч, түүний нэр хүндтэй шийдвэрлэж чадсан хэн нэгний талаарх түүхийг иш тат.
Е. Сонсогчдод хангалттай мэдээлэл олгож,тэднээр танд шаардлагатай шийдвэр гаргуулах боломж өг. Хүмүүс хэдхэн тооны ялихгүй асуулт тавьж байхаар мэдээллийг хангалттай хэмжээгээр хангах хэрэгтэй. Юуг, хэзээ, яагаад хийх ёстой вэ гэдгийг тэдэнд тайлбарла.
Ж. Урвуу холбоог бий болго. Сонсогчид гаргасан шийдвэрийнхээ үнэн зөв гэдгийг нягтлахыг хүсдэг. Тэд зүгээр нэг тааварлахыг хүсдэггүй учир асуулт тавьдаг. Харин одоо таны ярьсан зүйлийг сонсоод өдгөөг хүртэл авч үзээгүй мэдээллийг танд өгөх боломжийг тэдэнд олго. Таны хэлж ярьсан зүйл чухам тэдэнд хэр хамаатай гэдгийг харуулах боломжийг олго.
Өөрийн түүхийг хүүрнэж байхдаа миний санал болгосон загварыг ягштал баримтлагтун. Нэг эсвэл бүлэг хүмүүст ярьж байна уу, хэвлэл эсвэл зар сурталчилгаанд өгөхөөр завдаж байна уу, бүр эсвэл интернэтэд байрлуулах гэж байна уу гэдгээс үл шалтгаалан таны загвар өөрчлөгдөхгүй хэвэндээ байх ёстой. Учир нь, эцсийн эцэст зөвхөн нэг л сонсогчид ярьсан түүх хамгийн шилдэг нь болдог.
|