 Судлаачдын үзэж байгаагаар аливаа бүлгийн хурал цуглааны үед хувь хүн юмуу аль нэг шатны албан тушаал бүхий хүмүүс байнга “ярих” замаар санаачлагыг гартаа авах, цаг үргэлж давамгайлахыг хичээдэг. Цаг маш бага, хэлэлцэх асуудал олон байлаа ч гэсэн тэд дахин дахин босч, сунжруу үг хэлцгээнэ. Хамгийн төвөгтэй асуудал нь тэднийг ердийн байдлаар, бусад хүмүүсийн нэг адилаар “зогсоох” боломжгүй байдаг явдал. Учир нь энэ оролдлогын үед хүмүүсийн анхаарлыг тэд нар луу хандуулж, хурал зөвлөлгөөн үймүүлэгчдийн “урьдаас төлөвлөсөн” чигт хурлын уур амьсгалыг эргүүлэхэд хүргэж мэднэ.
Хэрэв таны багт тийм хүмүүс ажилладаг бол та юу хийх хэрэгтэй вэ? Хамгийн эхэнд юу ч хамаагүй ярьж эхэлдэг нөхрийг тэр дор нь зогсоож, асуудалд бодлоготой нухацтай ханддаг, гэхдээ төдийлөн ярих гэдэггүй хүмүүсийг дэмжиж, түүний оронд ярих бололцоо олгох ёстой. Бүр эцсийн арга хэмжээндээ тулбал тэр тэрслэгч нөхрийг бүлгийн хурлаас хөөн гаргаж болно. Менежер өөрийн эрх мэдлийн хүрээнд тэдгээр нөхдийг “хязгаарлах”, өөрийн эсрэг зогсоохгүй байх зорилгоор зөвлөгчөөр томилж, асуудал хэлэлцэхээс өмнө түүнтэй заавал саналаа хуваалцдаг, харин хамт олны хурал дээр үг хэлэх бололцоогүй болгох уран арга бий. Гэхдээ тэднийг хуралд үг хэлэхийг нь бүрмөсөн болиулах гэдэг нь маш чухал мэдээлэл, шинэ санааг чөдөрлөсөн хэрэг болж хувирдагийг санах нь чухал.
Жинни Жонсон “3М” нэртэй хурал зөвлөлгөөний асуудал судлах Хүрээлэнгийн менежерээр ажилладаг бөгөөд хуралд хэлэлцэх асуудлыг оновчтой сонгох нь элдэв хоосон ярианаас хөндий байх хамгийн үр бүтээлч хэрэгсэл хэмээн үзэж байна. “Хуралд хэлэлцэх асуудал амин чухал байх хэрэгтэй ба түүнийгээ л хатуу баримталж ажиллах нь чухал. Хэрэв хэн нэг хүн хэлэлцэх асуудлаас бага зэрэг ч гэсэн хазайх юм бол шууд л дараах маягаар: “Энэ маш чухал сэдэв байна, гэхдээ бидний өнөөдөр хэлэлцэхээр тохирсон сэдвээс хөндийрсөн тул уучлаарай, би таны яриаг аргагүйн эрхэнд таслах хэрэгтэй боллоо” гэх маягаар хандах нь зөв. Түүнээс гадна ам нь халж, өөрийн толгойд байгаа бүх зүйлийг гаргаж ярих гэдэг хүмүүсийг яг цагтаа багтаж ярихыг хүсэхийн хамт ийм алдаагаа бага ч гэсэн засч байгаа хүмүүсийг олны өмнө магтан урамшуулдаг байх нь нийгмийн талаас асуудалд хандаж байгаа гэдгээрээ ач тустай. Ямар нэг байдлаар өөртөө бусдын анхаарлыг татах гэж тэмүүлж байгаа хүмүүст зарим үед эсвэл дэмжих, эсвэл бага зэрэг сүрдүүлэх өнгө аястайгаар: “Маш чухал санаа байна, Дондог минь, өөр ийм эрч хүчтэй үг хэлэх хүн байнуу?” гэж болно. Гэхдээ яриандаа халж эхэлдэг хүмүүст зөөлөн аядуу хандах нь тэр бүр үр дүн өгдөггүйг анхаарах нь зүй.
Зарим үед түүнийг шууд зогсоох, эсвэл огт утга учиргүй зүйл ярьж байна гэдгийг олонд мэдүүлэх зорилгоор түүнээс хараагаа холдуулах, биеэ эргүүлэх, дууны өнгө аясаа өөрчлөх зэрэг байдлаар нөлөөлөхийг оролдоход гэмгүй. Гэхдээ ийм цочмог алхам хийхийн өмнө тухайн үеийн нөхцөл байдлыг сайтар мэдрэх нь чухал. Хэрэв тэр ганцаарчлан хандахад дуртай нөхөр байвал завсарлагааны үеэр нэг тийш нь дуудаж аваачаад бүлгийн зорилго, хэлэлцэх асуудлаас огт өөр зүйл ярьж байгааг нь шууд тулган анхааруулах нь зүйтэй. Энэ бүх үйлдлүүд ямар нэг нааштай үр дүнд хүргэхгүй бол түүнийг багаасаа гаргана гэдгээ хэлэх нь зүй.
Ер нь байнга учир утгагүй зүйл ярьж, хамт олны нэгдэл нягтрал, удирдлагын үйл явцыг бусниулдаг хүмүүстэй хэрхэн ажиллах, ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг сайтар төлөвлөсөн нөхцөлд л менежерүүдийн оролдлого зохих амжилтанд хүрдэг. Байгууллага хамт олны хурал эхлэхэд хүмүүс ямар асуудлыг аль талаас нь хэлэлцэх ёстойг сайтар ойлгосон, түүнд ажил хэрэгчээр бэлтгэсэн байхын хамт юуг хэлэлцэхгүйг мэдэрсэн байх нь чухал. Эс тэгвэл хурал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх хэлбэр биш харин эмх замбараагүй маргаан, шүүмжлэл болж хувирна. Хурлын эхэнд хүн бүрээс ажил хэрэгч үнэ цэнэтэй санал зөвлөгөө хүлээж байгаа гэдгээ хэлэх нь нэн тустай. Энэ бүгд хурлын уур амьсгалыг нэг чигт хандуулж, ажил хэрэгч болгож, зөөлрүүлж өгнө. Хурал удирдаж байгаа хүний зүгээс оновчтой асуулт тавих нь асуудлыг ажил хэрэгч, чиглэл зорилготой хэлэлцэхэд нааштай нөлөөлнө. Эдгээр арга хэмжээ байгууллагын хурал зөвлөлгөөнийг хэн нэг бүлэг этгээд өөрийн дур зоргоор өөр чиглэлд хандуулах, эсвэл ямар нэг аргаар хурлыг үр дүнгүй болгох зэрэг санаархлын эсрэг ухаалаг, алсыг харсан байдлаар тэмцэхэд чиглэгдэх ёстой. Хурал бол хамт олны ажил, амьдралын онц чухал хэсэг учраас түүнд нарийн сайн бэлтгэх нь чухал.
Үндсэн эх: Michael Finley, “Bellng the Bully”,
HR Magazine, March 1992, pp. 82-86; |