 Байгууллагын харилцааг хамгийн ихээр хүндрүүлдэг шалтгааны нэг нь үнэтэй чухал боловч, хэн нэгний хувьд таагүй мэдээллийг хаа нэгтэй дарагдуулах, мэдээллийн шугамын ачаалал хэт ихсэх, байгууллагын бүтэц боловсронгуй бус байх явдал мөн. Нэгэн судалгааны дүнгээс үзвэл захирлуудын зөвлөлөөс гаргасан шийдвэрийн тухай мэдээллийн 63% нь гүйцэтгэх захиралд, 40% нь анхан шатны нэгжийн дарга нарт, 20% нь ажилтнуудад хүрч байсан ажээ. Мөн доороос дээш явах мэдээллийг ихээхэн дарагдуулдаг нь нууц биш юм. Энэ бүхэн тухайн байгууллага өөрийн нөөц боломжоо тэр бүр ашиглах бололцоогүй болно гэсэн хэрэг мөн. Ийм байдал үүсэхэд нөлөөлдөг нэг шалтгаан нь мэдээллийн хэт их ачаалал байж болно. Элвин Тоффлер “Ирээдүйн шок” гэсэн номдоо: “удирдагч нарт хүртэхүйн боломжоос нь хэтэрсэн их мэдээлэл хуралдах нь эцэстээ тэдний сэтгэн бодох, ухаалгаар асуудалд хандах боломжийг боогдуулах учраас хурдан хугацаанд оновчтой шийдвэр гаргах чадваргүй болгож болох юм” гэсэн байдаг.
Байгууллагын харилцааг төгөлдөржүүлэх нэг үндэс нь хариу үйлдлийн боломжийг нэмэгдүүлэх, эргэх холбооны системийг бий болгох явдал мөн. Мэдээлэл солилцооны иж бүрэн системийг бий болгож, тэр дагуу удирдлагын шийдвэр гаргах үйл явцыг зохион байгуулах нь байгууллагын харилцааг төгөлдөржүүлэх нэг чухал нөхцөл байдаг. Үүнд мэдээдэл дээрээс доош, доороос дээш чөлөөтэй урсан очих боломжийг бүрдүүлэх, хөндлөн шугамаар явагдах мэдээлэл солилцоог идэвхжүүлэх, орчин үеийн мэдээллийн технологийг нэвтрүүлэх, байгууллагын дотоод мэдээллийн сүлжээ байгуулах, хэвлэл, мэдээллийн хуудас бий болгох гэх мэт олон арга замыг ашиглах боломжтой
Байгууллагын дээд удирдлагад хэрэгтэй мэдээллийг цагт нь хүргэх зорилгоор ажилтан, ажилчид хэдийд ч байгууллагын ажлын талаар санал бодлоо илэрхийлэхэд бололцоотой байх ёстой. Үүнийг мэдээлэл цуглуулах тогтолцоо гэнэ. Тэр байгууллагын мэдээлэл хариуцсан ажилтнууд мэдээллийг ажил хэргийн шалгуураар шүүн тунгааж, хамгийн чухал хэсгийг нь дээд удирдлагад танилцуулна.
Харьцангуй томоохон байгууллагууд сар тутмын хэвлэл мэдээлэл гаргаж, удирдлагын үйл ажиллагаа, ажиллагчдын эрүүл мэндийн ба сэтгэл зүйн байдал, шинэ гэрээ хэлэлцээр, бүтээгдэхүүн, үйлчилгээ, "сарын ажилтныг" нэрлэх гэх зэрэг чухал асуудлын талаар хүмүүст мэдээлэл түгээж байдаг.
Өндөр ба буурай хөгжилтэй орон, бүс нутаг хоорондоо ялгарах нэг нөхцөл нь мэдээлэл хангамж, оюуны мэдээллийн сан тэдгээрийн түгэх орон зай ба цаг хугацааны мэдрэмж болон хувирчээ. Мэдээлэл орчин үеийн амьдралын голлох нөөц болж, мэдээллийн хэрэгслүүд байгууллага, нийгмийн удирдлагад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх болов.
Хамгийн ерөнхий байдлаар ажилтны хөдөлмөрт үйл ажиллагаа, албан тушаал, зэрэг дэв ахих явцыг нас, нийгмийн байр суурь, ажилласан жил зэргийг нь харгалзан 4 үндсэн үе шатанд хувааж болно. Үе шат бүхэн тодорхой зорилго, зорилтууд, хөдөлмөрийн үйл ажиллагааны онцлог, бусад ажилтнуудаас ялгагдах боломж, чадавхи, ажил хөдөлмөрт тавигдах нийтлэг шаардлагууд, хөдөлмөрийн зан үйл ба мотиваци гэсэн үзүүлэлтүүдээр тэр бүхнийг хэмждэг байх юм.
Хувь хүний хөдөлмөрийн замнал нэг тодорхой үе шатанд болон нэгээс нөгөөд шилжих үед нийгмийн, үйлдвэрлэлийн, сэтгэл зүйн, бие хүний гэх мэт олон хүчин зүйлийн харилцан үйлчлэлээс хамаарч өөр өөр байх болно. Гэхдээ ажилтны хөдөлмөрийн үйл ажиллагааны үйл явц, ерөнхий зүй тогтол нь түүний аж төрөх арга, насны бүлэг, байгууллага, нийгмийн орчин зэргээс хамаарч бодитой дэс дараалалтай, удирдан чиглүүлэх боломжтой хурдаар хөгжин төлөвшиж байдаг ажээ. |