.jpg) Гэнэт л оюун ухааны их онгод орсон үед шинэ санаа үй олноороо төрөх явдал хүний амьдралд олонтаа тохиолддог. Гагцхүү амьдрал дээр нөр их амжилтад хүрч чадах санаануудын ихэнх нь ховорхон тохиолдолд олдох боломжтой шинэ санаачлагыг уйгагүй хайсны үр дүнд л төрдөг юм.
Компанийн эсвэл аль нэг салбарын хүрээнд шинэ санаачлага төрөх боломжтой дөрвөн салбар байдаг.
- гэнэтийн үйл явдал
- зөрчилдөөн
- үйл явцын дутагдалтай тал
- салбар болон зах зээл дээрх өөрчлөлт
Гэнэтийн үйл явдал
Юуны өмнө шинэлэг санаа төрөх боломжийн хамгийн энгийн эх үүсвэр болох гэнэтийн үйл явдлыг авч үзье. Гучаад оны эхээр IВМ компани банкны ажилд зориулсан баримт хэвлэх машины /үсэг, тоо бүхий бичиг баримт боловсруулах төхөөрөмж/ анхны загварыг боловсруулжээ. Гэтэл тэр үед буюу 1933 онд банкууд энэ шинэ төхөөрөмжийг худалдаж авсангүй. Уг компанийг үүсгэн байгуупагч, ерөнхий гүйцэтгэх захирал Томас Ватсоны ярьснаар нөхцөл байдлыг тун гэнэтийн үйл явдал аварсан гэнэ. Юу гэвэл тус машиныг Нью-Йоркийн олон нийтийн номын сан худалдаж авахыг хүсчээ. Банкуудаас ялгаатай нь “Шинэ ханш”-ны үед /ерөнхийлөгч Ф.Рузвельтын Их хямралыг даван туулахад чиглэгдсэн эдийн засгийн өөрчлөлтийн системийг ийн нэрлэдэг/ номын сангуудад мөнгө орж ирдэг байсан бөгөөд Ватсон тэдэнд зуу гаруй ийм машинаа зарж дөнгөсөн агаад эс бөгөөс тэднийг хэн ч худалдаж авахгүй байх байлаа.
Арван таван жилийн дараа бүгд л компьютер нь зөвхөн нарийн эрдэм шинжилгээний ажилд зориулагдсан эд гэж бодож итгэж байх тэр үед гэнэт л энэ төхөөрөмжийг бизнес эрхлэгчид төлбөрийн мэдээ баримт бүхий ажлыг оновчтой болгохын тулд ашиглахаар сонирхож эхлэв. Тухайн үед компьютерийн хамгийн дэвшилтэд загварыг үйлдвэрлэж байсан Univac пүүс түүнийг бизнест ашиглах боломжийг үл тоомсорлон татгалзсан байна. Харин IВМ өөрт нь ахиад гэнэтийн аз таарч гэдгийг тэр даруй ойлгож Univac-ийн компьютерийн анхны загварыг өөрчлөн тус машиныг төлбөрийн мэдээ баримт боловсруулах гэх мэтийн гэр ахуйн энгийн үйлдэл хийдэг машин болгон хувиргав. Дараагийн таван жилийн хугацаанд IВМ компьютерийн аж үйлдвэрийн манлайлагч болж, энэ байр сууриа өдийг хүртэл бат бөх хадгалсаар ирсэн билээ.
Шинэлэг санаа төрөхөд таатай боломж бүрдүүлдэг бас нэг чухал эх үүсвэр бол гэнэтийн азгүй явдал байдаг. Та бүгд Ford Motor Company-ийн Edsel загварын автомашин буюу автомашины аж үйлдвэрийн түүхэнд шинэ загвар хамгийн ихээр бүтэлгүйтсэн тохиолдлыг сайн мэдэх биз. Тэгвэл Edsel-ийн бүтэлгүйтэл тус компанийг ирээдүйд асар их амжилтад хүрэхэд нөлөөлсен гэдгийг цөөхөн хүн мэдэх буй за. Америкийн автомашины түүхэнд тухайн үедээ хамгийн нарийн боловсруулан тооцож хийсэн Edsel загвар GМ-тай амжилттай өрсөлдөж чадахуйц бүхэл бүтэн бүтээгдэхүүний шугамын эхлэл хэмээн Форд Моторс компанийнхан төлөвлөж байв. Хэдийгээр маш нарийн төлөвлөгөө, маркетингийи судалгаа, зарчмын хувьд цоо шинэ загвар байсан ч гэсэн тус төсөл дуу шуутайгаар нуран унахад автомашины зах зээл дээр GМ болон бусад компаниудын өнөөг хүртэл машинаа зохион бүтээж, борлуулж байсан чиг баримжаанаас огт өөр сөрөг зүйл тохиолдоод байгааг компанийнхан ойлгожээ. Учир юунд вэ гэвэл зах зээл сегментчлэгдэж эхэлсэн байлаа. Юуны өмнө хүн амын орлогын түвшингээр бус, харин “амьдралын хэв маягаар” гэсэн цоо шинэ төрлийн ангилал гэнэт бий болсон байв. Форд ч энэхүү шинэ нээлтийг тэр даруй мэдэрч, улмаар Mustang Thunderbird загварыг зах зээлд гаргасан нь тус компанид өөрийн гэсэн онцлогийг бий болгож, тус салбартаа тэргүүлэх байр суурийг нь сэргээж өгөв.
Гэнэтийн амжилт, бас гэнэтийн бүтэлгүйтэл зэрэг нь шинэлэг санааны маш үр бүтээлтэй эх үүсвэр бөгөөд ихэнх компани энэ боломжийг алддаг, үл тоомсорлодог, заримдаа бүр жигшсэн байдлаар ханддаг билээ. 1906 онд мансууруулах бодис ороогүй анхны новокаиныг бүтээсэн Германы эрдэмтэн тус бэлдмэлийг хүнд хагалгаа, ялангуяа тайралт хийхэд ашиглахаар зорьж байлаа. Гагцхүү мэс засалчид ийм хагалгааны үеэр бүрэн мэдээ алдуулалт хийхийг илүүд үзсэн бөгөөд тэд өдийг хүртэл энэ үзэл бодлоосоо ухраагүй байгаа билээ. Харин новокаиныг бүтээгч эрдэмтэн маань үлдсэн бүх амьдралаа шүдний эмч нарыг бэлтгэдэг их сургуулиудаар хэсэн өнгөрүүлж, түүний сайхан бүтээлийг зориулалтаар нь хэрэглэхийг ятган өнгөрүүлсэн гэдэг.
Энэ мэдээж хошин яриа мэт санагдавч ямар ч байсан менежерүүд гэнэтийн нөхцөл байдал бий болоход “Ийм юм болох ёсгүй байсан юм” хэмээн гайхширдагийг харуулж буй юм. Корпорацийн тайлан мэдээний систем нь урьдчилан таамаглаагүй таатай боломжоос анхаарлыг сарниулах нь бий. Сарын эсвэл улирлын тайлангийн эхний хуудсан дээр тухайн компани, эсвэл хэлтэс төлөвлөж байснаас хамаагүй бага үр дүнд хүрсэн тухай үй олон асуудал тоочсон байдаг. Иймэрхүү мэдээлэл хэрэгтэй нь мэдээж, энэ нь байгууллагын үйл ажиллагааны эдийн засгийн үзүүлэлтийг муудахаас нь урьдчилан сэргийлдэг шүү дээ.
Гагцхүү энэ мэдээлэл нь шинэ таатай боломж бий болсныг харах боломж олгодоггүй. Компани зөвхөн теөсвөөр батлагдсан тэрхүү салбартаа л өндөр амжилтад хүрсэн тохиолдолд таатай боломж гарч ирдэг гэж үздэг. Чухам ийм учраас л үйлдвэрлэл эрхэлдэг компаниудын тайланд бэрхшээлтэй асуудлын жагсаалт мөн таатай боломжуудын жагсаалт багтдаг бөгөөд үүнд менежерүүд илүү их цаг зарцуулдаг юм.
Зөрчилдөөн
Alcon Industries нь ХХ зууны жараад оны үед хамгийн их амжилттай компаниудын нэг болсон нь түүнийг үүсгэн байгуулагч Билл Коннор тухайн үеийн анагаах ухааны технологи дахь зөрүүг тун ч ашигтайгаар ашигласанд оршино. Нүд салстах /нүдэнд цагаа унах гэж ярьдаг/ өвчнийг анагаах мэс ажилбар нь дэлхийд давтамжийн хувьд гурав, эсвэл дөрөвт ордог аж. Сүүлийн 300 жил эмч нар энэ ажилбарыг маш их боловсронгуй болгосон ч энэхүү ажиллагаанд цорын ганц “хуучинсаг элемент” үлдсэн нь нүдний шөрмөсийг таслах явдал юм. Нүдний мэс засалчид тус хагалгааг дээд зэргийн амжилттай хийж сурсан агаад харин шөрмөс таслах үйл явц нь хагалгааны бусад бүх үе шатаас маш их ялгаатай байснаас мэс засалчид нүдний цагааныг авч хаяхаас айж байлаа. Технологи нь таарахгүй байв.
Эмч нар шөрмөсийг ямар нэг мэс ажилбаргүйгээр уусган авах чадвартай ферментийн талаар мэддэг болоод 50 жил болжээ. Коннор тэрхүү ферментэд түүнийг хэдэн жил хадгалж болох консервантыг нэмэв. Нүдний эмч нар шууд л шинэ бүтцийг ашиглаж эхэлсэн бөгөөд Alcon Industries түүнийг үйлдвэрлэдэг дэлхийн цорын ганц үйлдвэрлэгч нь болов. Арван таван жилийн дараа Nestle компани энэ компанийг айхтар өндөр үнээр худалдан авчээ.
|