.jpg) Санхүү бие даасан салбар судлагдахуун болон хөгжсөнийг 1900 оноос тооцдог ба энэ үед санхүүгийн удирдлагын гол асуудлууд нь нэгдэлт, хоршилт, шинэ компанийг байгуулах, үнэт цаас гаргаж эх үүсвэрээ нэмэгдүүлэх арга замууд байсан байна.
1930-аад онд дампуурал, корпорацийн өөрчлөн байгуулалт, төлбөрийн чадвар, үнэт цаасны зах зээлийн зохицуулалтад гол анхаарал хандуулж байсан ба 1940-1950-аад онуудад ч санхүүгийн удирдлагыг гадны ажиглагчийн, судлаач шинжээчдийн байр сууринаас авч үздэг байжээ. Харин 1960-аад оноос хөрөнгө ба эх үүсвэрийн сонголт, удирдлагын шийдвэр гаргалтад компанийн үнэ цэнийг өсгөж арвижуулах эсэхийг шалгуур болгон авч үзэх хандлага гарч ирсэн байна. 1980-аад оноос санхүүгийн судалгаа шинжилгээнд:
- Бизнесийн шийдвэр гаргалтанд инфляцийн нөлөөлөл
- Төрөлжсөн үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн байгууллагуудын удирдлага зохицуулалт
- Харилцаа, мэдээлэл, тооцоололтын техник, технологийн хөгжлийг нэвтрүүлэх
- Бизнесийн үйл ажиллагаанд улам бүр хөгжиж буй нийтийн зах зээлийн ач холбогдол, нөлөөллийн асуудал нэмэгдэн орж иржээ.
1990-ээд онд ч нийтийн зах зээл, компьютер технологийн хөгжлийн хандлага зонхилж байна. Өнөөдрийн бизнесийн чиг хандлагад:
- Тээвэрлэлт, харилцаа холбооны технологийн хөгжилт нь олон улсын бизнесийн таатай орчинг бүрдүүлэх болсон.
- Дотоодын үйлдвэрлэгчдийг хамгаалах, үндэсний эрх ашгийг дээдлэх сонирхлоос илүү өндөр чанартай, өртөг багатай бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэх хандлага бий болсноос гадаад худалдааны хязгаарлалт, хориг саад багассан.
- Компаниуд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд өндөр технологи ашиглаж үйлдвэрлэл явуулах, судалгаа шинжилгээний төсвийг нэмэгдүүлэх болсон зэрэг онцлогууд ажиглагдах болжээ.
Энэ бүхэн нь санхүүгийн оновчтой, үр ашигтай удирдлагын хэрэгцээ шаардлагыг улам бүр нэмэгдүүлж байна. Дор дурьдах жишээ нь байгуулагын үйл ажиллагаан дахь санхүүгийн удирдлагын ач холбогдлыг зарим нэг талаар тодорхойлж байгаа юм.
1960-аад онд "Иистерн" компани агаарын тээврийн нэртэй томоохон компани байсан ба нэгж хувьцаа нь хөрөнгийн зах зээлүүдэд 60 доллараар арилжаалагдаж байсан. Энэ үед агаарын тээврийн "Дельта" компанийн хувьцаа 10 доллараар арилжаалагдаж байжээ.
30 гаруй жилийн дараа 1990-ээд онд "Дельта" дэлхийд нэртэй агаарын тээврийн компани болтлоо хөгжиж, нэгж хувьцаа нь хөрөнгийн зах зээлд 90 доллараар арилжаалагдаж байхад "Иистерн" аль хэдийн дампуурчээ. Хэдийгээр энэ дампууралд олон шалтгаан байсан байж болох боловч санхүүгийн асуудлыг гол шалтгаан нь болсон гэж шинжээчид үзжээ. Учир нь:
- "Иистерн" байнга зээлийн эх үүсвэрийг их хэмжээгээр санхүүжилтэд ашиглаж байсан нь 1980-аад онд зээлийн хүүгийн огцом өсөлтийн үед зээлийн хүүгийн дарамтад орж, алдагдал хүлээх шалтгаан болсон.
- Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өсөж эхэлсэн үед шатахууны хэмнэлттэй техник хэрэгсэл ашиглах талаар ямар ч алхам хийгээгүй нь зардлыг их хэмжээгээр өсгөсөн.
- Агаарын тээврийн компаниудын үйл ажиллагаанд шинэчлэл өөрчлөлт хийж эхлэхэд "Иистерн" шинэ зах зээлд өрсөлдөх чадваргүй болсон байжээ.
Улс орны хэмжээнд тохиолдсон эдгээр шалгуурыг "Дельта" компани амжилттай даван гарч шинэ зах зээлд үнийн өрсөлдөөнд хөлөө олсон нь санхүүгийн оновчтой удирдлагын үр дүн байлаа.
Санхүү бизнесийн үйл ажиллагааны бүх хүрээ, үе шат болгонд өөрийн нөлөөллийг үзүүлж байдгаас зөвхөн санхүүгийн ажилтнууд мэргэжлийн удирдлагууд төдийгүй бизнесийн бүх хүрээнд ажиллаж буй ажилтнууд санхүүгийн зохих түвшний мэдлэгтэй байх нь зайлшгүй шаардлагатай болдог байна.
Компанийн том жижиг, эрхэлдэг үйл ажиллагааны цар хүрээнээс шалтгаалаад санхүүгийн удирдлагын үүрэг функц өөр өөр байх боловч бизнесийн бүхий л шийдвэрүүд санхүүгийн шалгуураар хэмжигддэг. Компанийн үйл ажиллагаанд санхүүгийн менежер гол үүргийг гүйцэтгэж байдаг. Аливаа бизнесийн хэл нь мөнгө байдаг учраас тэр мөнгийг удирдаж байгаа хүн компанид чухал нөлөөтэй байх нь зүйн хэрэг юм. |