|
Төсвийн алдагдал нь орлогоос давсан зарлагаас хамаардаг. Алдагдлыг үүсгэх гол нөхцөл нь татварыг нэмэгдүүлэх улс төрийн сонирхол, эдийн засгийн боломж бага байдаг боловч төсвөөс санхүүжүүлэх зардлын хэрэгцээ асар их байдагтай холбоотой байна. Төсвийн зарлага хэтрэх буюу алдагдал бий болоход гадаад, дотоод олон хүчин зүйл нөлөөлнө. Эдгээр нөлөөлөх хүчин зүйл буюу төсвийн алдагдал гарах шалтгаануудыг ерөнхийд нь дараахи байдлаар хувааж авч үзэж болох юм. Эдгээр нь:
1.Дайн байлдаан, байгалийн гамшиг, нийтийг хамарсан аюул осол гэх мэт онцгой тохиолдлын улмаас төсвийн зарлага өсөж, түүнийг санхүүжүүлэхэд зориулагдсан нөөц сангууД хүрэлцэхгүй болсноос төсвөөс шууд санхүүжилт хийх. Үүнийг субъектив хүчин зүйлийн улмаас үүссэя алдагдал гэж нэрлэдэг.
2. Эдийн засгийг хөгжүүлэх зорилгоор төсвөөс асар их хэмжээний эх үүсвэр шаардсан хөрөнгө оруулалт хийх; Тухайлбал: сансрыг эзэмших, нефтийн хайгуул хийх г.м.
3. Төрийн санхүүгийн буруу бодлого явуулж, төрөөс санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналт сулрах
4. Төсвийн урсгал орлого багассанаас , эсвэл урсгал зарлагын хэт өсөлтөөс хамаарч урсгал тэнцэл алдагдах зэрэг юм.
Дайн байлдаан, байгалийн гамшиг гэх мэт тохиолдол нь улсын нөөцийг цэрэг зэвсгийн болон гэнэтийн аюул ослын хохирлыг арилгахад чиглүүлэхийг шаардахын хамт төсвийн зарлагын гэнэтийн өсөлтийг санхүүжүүлэх орлогын эх үүсвэрийг багасгадаг. Учир нь энэ үед үндэсний үйлдвэрлэл болоод үндэсний орлого буурч, түүнтэй уялдаад төсвийн татварын орлого багасна. Ийнхүү орлого, зарлагын өсөлтийн зөрүүгээс хамаарч төсвийн алдагдал үүсэн гардаг.
Эдийн засгийн хөгжлийн гол түлхэц нь улсын хөрөнгө оруулалт байдаг. Иймээс улс орнууд өөрийн төсвийн зарлагыг хөрөнгө оруулалтад голлон чиглүүлдэг. Энэ үед зарлага нь эдийн засгийн нөөц бололцооноос давж төсвийн алдагдал үүснэ. Энэ алдагдал нь улс орны хэтийн хөгжилд чиглэгдэх бөгөөд хэрэв хөрөнгө оруулалтыг бууруулбал төсөв алдагдалгүй байж болох боловч эдийн засгийн ирээдүйн хөгжлийг хязгаарлахад хүргэдэг. Иймээс хөрөнгийн зардлыг багасгахад биш харин хөрөнгө оруулалт нь заавал зардлаа нөхсөн байх зарчмыг хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулах шаардлагатай.
Төрийн зүгээс авч явуулж байгаа санхүү, эдийн засгийн бодлого нь цаг үедээ зохицоогүй, үр ашиггүй байх тохиолдолд, эдийн засгийн тогтворжилт алдагдан, үйлдвэрлэл үйлчилгээ, хүн амын ажил эрхлэлт буурч, мөнгөний ханш унаснаар төсвийн орлого багасдаг. Мөн зарлагын нэрлэсэн дүн өснө. Энэ бүхний тусгал нь төсвийн алдагдал болдог. Ийм нөхцөлд төрийн санхүүгийн зөв бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхгүй бол эцсийн дүндээ санхүү эдийн засгиин гүн хямралд хүргэж болзошгүй.
Урсгал тооцооноос үүсэх алдагдал нь урсгал зарлагын өсөлтийг урсгал орлогын өсөлт гүйцэж чадахгүйгээс үүсдэг. Түүнчлэн урсгал орлого огцом буурах, урсгал орлого хэт өссөнөөс урсгал төсөв алдагдалд ордог. Ялангуяа хөгжиж байгаа орнуудын хувьд энэ төрлийн алдагдал гардаг. Харин өндөр хөгжилтэй орнуудын хувьд нийгмийн баталгаа өндөр байдгаас хамаарч урсгал зардал хэт өсдөг учир эдгээр орнууд энэ төрлийн зардлын хэмжээг хуульчлан тогтоосон байдаг .
Төсвийн алдагдал үүсэх шалтгаануудыг дэлгэрүүлэн авч үзвэл дараахи байдалтай байна.
Эдгээр нь төсвийн алдагдалд нөлөөлөх дотоод хүчин зүйлсэд хамаарна.
1. Оновчтой биш татварын бодлого.
2. Үйлдвэрлэлийн уналт болон зогсонги байдал.
3. Ажилгүйдлийн төвшингийн өсөлт.
4. Төсвийн хөрөнгийн үр ашиггүй зарцуулалт.
5. Улсын гадаад, дотоод өрийн өсөлт.
6. Улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал.
7. Зардлын оновчтой биш бүтэц.
8. Улс төрийн бүлэглэл болон бизнесийн томоохон байгууллагуудын үйл ажиллагаа.
9. Мөнгөн гүйлгээний тогтворгүй байдал.
10. Үндэсний валютын ханшгүйдэл.
11. Бусад.
Харин гадаад хүчин зүйлд:
1. Олон улсын улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал,
2. Санхүүгийн зах зээл дээрх валютын ханшны өөрчлөлт,
3. Дэлхийн зах зээлийн үнэ ханшны өөрчлөлт,
4. Харилцагч улсуудын хандлага,
5. Олон улсын байгууллагын баримтлах бодлого, чиглэл гэх мэт багтана.
Татварын оновчтой биш бодлого нь татварын ачаалльщ зохимжит төвшинг алдагдуулснаар татвар төлөгчдийн, аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах ба төсөвт орох татварын хувь хэмжээг бууруулах сөрөг нөлөө үзүүлдэг. Ингэснээр төсвийн орлого багасаж, зарлагын эх үүсвэр дутагдана.
Үндэсний нийт бүтээгдэхүүн, үндэсний орлого нь татварын хэмжээтэй шууд хамааралтай байна. Иймээс үйлдвэрлэл, үйлчилгээний уналт нь үндэсний орлогын хэмжээг бууруулж төсвийн татварын орлогыг багасгадаг.
Тухайн улсад ажилгүйдлийн төвшин нэмэгдэхэд ажилгүйдэлд олгох төрийн зардал нэмэгдэж төсвийн алдагдлыг өсгөдөг.Энэ өсөлтөд ажилгүйчүүдийн тооны өөрчлөлт, нэг хүнд ногдох тэтгэмжийн хэмжээ нөлөөлнө.
Төсвийн хөрөнгийн үр ашиггүй, үрэлгэн зарцуулалт болон зардлын оновчтой биш бүтэц нь орлогын баазыг хүрэлцэхгүйд хүргэж алдагдал үүсэхэд бас нөлөөлнө.
Мөн түүнчлэн улсын өрийн өсөлт нь төсвөөс санхүүжүүлэх хүүгийн зардлыг нэмэгдүүлдэг. Энэ нь төсвийн хөрөнгийн үр ашиггүй зарлагын нэг төрөл юм.
Тухайн орны улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал нь нийт эдийн засаг, хүн амын аж амьдралын төвшин, бодит орлого, инфляцийн хэмжээнд сөргөөр нөлөөлснөөс төсвийн орлогын үнэгүйдлийг бий болгож, зарлагыг нэмэгдүүлснээр алдагдал үүсэх шалтгаан нөхцөлийг бий болгодог.
Улсын төсөвт орох татварын орлогын дийлэнх хэсгийг бизнесийн томоохон байгууллагууд оруулдаг учраас тэдгээрийн үйл ажиллагааны үр дүн, ашгийн хэмжээ нь төсвийн алдагдалд нөлөөлдөг. Учир нь бизнесийн гол байгууллагуудын үр ашиг буурвал тэр хэмжээгээр төсвийн татварын орлого багасна гэсэн үг юм.
Мөнгөн гүйлгээ болон үндэсний валютын ханшны тогтвортой байдал нь төрөөс явуулах мөнгөний бодлогоос хамаардаг. Хэрэв төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг буруу тодорхойлбол:
• Үндэсний валютын ханшгүйдэл үүсэх,
• Эдийн засаг дахь мөнгөний эрэлт өсөх,
• Бартерийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх,
• Хуурамч мөнгө үүсэх нөхцөлийг бүрдүүлэх,
• Төлбөр тооцооны норм, нормативыг эвдэх гэх мэт сөрөг нөлөө үзүүлдэг.
Энэ нь эцсийн дүндээ төсвийн орлогын үнэгүйдлийг бий болгож, зарлагын өсөлтийг нэмэгдүүлснээр төсвийн алдагдалд хүргэдэг.
Дээрх байдлаас дүгнэлт хийхэд төсвийн алдагдал үүсэх гол шалтгаан нь:
1. Төсвийн орлогын бууралт,
2. Төсвийн зарлагын өсөлт болж байна.
Манай улсын төсвийн алдагдал нь өөрийн гэсэн өвөрмөц онцлогуудтай бөгөөд энэ нь төсвийг урсгал ба хөрөнгө оруулалтын төсөв болгон авч үзвэл илүү, тодорхой харагддаг. Урсгал төсвийн хувьд 1993 оноос хойш байнга ашигтай гарч байхад, төсвийн нийт алдагдлын хэмжээ жилээс жилд өссөөр байна. Энэ нь улс орны хөгжлийн төвшинг дээшлүүлж, эдийн засгийн өсөлтийг хангах зорилгоор хөрөнгө оруулалт хийсэнтэй холбоотой юм. Үүнээс гадна эдийн засгийн бүтэц болон татварын бодлого оновчтой биш үйлдвэрлэлийн үр ашиг бага, үр ашигггүй зарлага зэрэг нь алдагдлын хэмжээг өсгөхөд нөлөөлж байна. |