14. Асуулт: Төмөр замын хэрэг эрхлэх газартай гэрээ байгуулан нефть нийлүүлсэн боловч 1 тн нефтийн үнийг дутуу төлсөн. Хаана хандах вэ?
Хариулт: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар иргэн өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзвэл уг эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл, хүсэлт гомдол гаргах эрхтэй юм. Гэрээний тал гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бол шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд дараахь бичиг баримтыг бүрдүүлэн нэхэмжлэл гаргах шаардлагатай байна.
1. Нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргаж байгаа
2. Нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар
3. Хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар
4. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт
5. Нэхэмжлэлийн үнэ
6. Хавсаргасан баримт бичгийн жагсаалт (Улсын тэмдэгтийн хураамж г.м)
Нэхэмжлэлийг хариуцагчийн тоогоор хувилж өгдөг байна. Хэрэв гэрээндээ шүүхээс өөр арбитраар шийдвэрлүүлэхээр заасан бол гэрээнд заасны дагуу шийдвэрлүүлэх газартаа хандана.
15. Асуулт: Байраа барьцаанд тавиад хүнд мөнгө зээлээд өгсөн боловч зээлсэн хүн маань мөнгөө өгдөггүй. Байраа хураалгах болчихлоо. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч байрнаас өвөл болсон байхад гар гээд хөөгөөд байна. Энэ тохиолдолд яах вэ?
Хариулт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлд барилга, орон байрнаас нүүлгэн гаргах, хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид шилжүүлэх зэрэг тодорхой үйл ажиллагаа гүйцэтгүүлэх, эсхүл тодорхой үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгасан шийдвэрийг хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол шийдвэр гүйцэтгэгч албадан гүйцэтгэнэ гэж заасан байна.
Барилга орон сууцнаас нүүлгэн гаргах тухай шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шийдвэр гүйцэтгэгч албадан нүүлгэх үндэслэл болно. Тус хуулийн 68 дугаар зүйлд нүүлгэн гаргах гэдгийг гүйцэтгэх баримт бичигт заасан барилга, орон байрыг нүүн гарах этгээд, түүнтэй хамтран амьдарч байгаа гэр бүлийн гишүүн, тэдгээрийн эд хөрөнгө, гэрийн тэжээвэр амьтдаас чөлөөлж, нүүн гарсан этгээдэд чөлөөлөгдсөн барилга, орон байрыг ашиглахыг хориглох ажиллагаа хамаарна гэж заасан. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч нь барилга, орон байрнаас нүүлгэн гаргах тухай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нүүн гарч байгаа этгээдийн амьдралын нөхцлийг харгалзан өвлийн улиралд тодорхой хугацаагаар түдгэлзүүлж болно гэж заасан байна.
Хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь уг асуудлын талаар 3 хоногийн дотор шүүхэд, эсхүл ахлах шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэх үүрэгтэй байдаг. Хэрэв дээд шатны албан тушаалтан эсхүл шүүх түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж үзвэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулахаар хуульд заасан байна.
|