2. Криминологи дахь сугалж судлах арга
Эрх хамгаалах байгууллага, хуулийн бусад байгууллагын тайлан мэдээ нь криминологийн мэдээлэл цуглуулах үндсэн хэлбэр мөн болохыг бид өмнө дурдсан. Эдгээр тайлан мэдээ нь гадаад үзүүлэлтийг харуулдаг ба хязгаарлагдмал хэмжээтэй. Тэдгээрийг хязгааргүй өргөтгөх боломж байхгүй, тогтоосноос өөр хугацаагаар гаргаж болохгүй, агуулга хэлбэрийг нь өөрчлөх боломжгүй. Байнга өөрчлөгдөж байдаг нөхцөл байдлын дунд үүссэн асуудлыг бодитой харуулж чадах тоо баримт гэмт явдалтай тэмцэл хийх үйл ажиллагааны явцад байнга шаардагдаж байдаг. Албан тайлан мэдээнд тусгагдаагүй, гэвч чухал байгаа асуудлаар тусгайлсан судалгаа зохион явуулдаг. Судалгааг бүрэн бус ажиглалтаар явуулах ба үр дүн нь харьцангуй найдвартай ба үнэн байдаг. Ийм ажиглалтыг сугалж судлах аргаар явуулна.
Сугалж судлах арга нь бүрэн бус ажиглалтын бусад аргуудыг бодоход харьцангуй өндөр найдвартайгаар, шаардлага хангахуйц бүрэн зөв судлах, тооцоолох боломжийг олгоно. Гарсан үр дүнд шаардлагатай засвар хийх боломжтой.
Сугалж судлах аргачлалыг математикийн статистикт бүрэн боловсруулсан. Шинжлэх ухаан, практикийн төрөл бүрийн салбарт, тодорхой үзэгдэл, үйл явдлыг бүхэлд нь судлах аргыг орлох арга болгон сугалж судлах арга өргөнөөр хэрэглэгддэг. Сугалж судлах нь энгийн, хэмнэлттэй, шуурхай, найдвартай арга мөн бөгөөд сонголтын маш тодорхой алдаатай байдаг.
Сугалж судлах арга нь криминологийн шинжлэх ухаанд байнга хэрэглэгддэг. Харин хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хэрэгжиж чадахгүй байгаа. Сонголттой мэдээ баримтыг бүрэн бус судалгаагаар олж авдаг нь үнэн боловч судалж буй үзэгдлийн бүх онцлогийг харуулж чаддаг.
Олон тоотой үзэгдэл, үйл явцад үүсч, илэрдэг статистик зүй тогтол дээр сугалж судлах онол үндэслэгдэнэ. Зүй тогтлын энэ чанар нь их тооны хууль гэдэг нэршил авсан. Их тооны хуулийн математикийн үндэс нь магадлалын онол юм. Математикийн нэгэн салбар болох магадлалын онол нь тогтвортой давтамж (дахилт) бүхий тохиолдлын үзэгдэл (үйл явдал)-ийг судалдаг ба үзэгдэл их хэмжээтэйгээр давтагдах үеийн зүй тогтлыг тогтоодог.
Сугалах арга хоёр зорилтыг шийдвэрлэх үүрэгтэй:
1. Сугалан сонгохын алдааг тодорхойлох. Сугалж судалсны үр дүн нъ бүхэлд нъ судлахын үр дүнгээс ямар ялгаатай болохыг мэдэж байх шаардлагтай.
2. Сугалж судлахад гарах алдааг тооцож хэдий хэмжээний судалгаа явуулахыг тогтоох.
Бүрэн судалгаа, сугалж судалсны үр дүнгийн хоорондын зөрүүг репрезентатив алдаа буюу сугалалтын алдаа гэнэ. Үүнийг энгийн жишээн дээр тайлбарлая. Зөрчил гаргагчдын бүрэн тоо нь 500 хүн. Тэдний дотор эцэг эхийн аль нэг нь байхгүй гэр бүлд өссөн нь 30%, 50 хүнийг сугалж судлахад бүрэн бус гэр бүлд өссөн нь 25% байв. Сугалалтын алдаа нь 30%-25%=5% (0,5) байна.
Алдаа нь тогтмол (чиглэл бүхий), тохиолдлын гэсэн хоёр төрөлтэй байна. Аль нэг үзүүлэлтийг судлагчаас буюу зориудаар сонгож авснаас, нэгдүгээрт алдаа гардаг, хоёрдугаар алдаа нь сугалахад гарсан тохиолдлын явдал байдаг.