|
Эрхэм уншигч авхай танд Харвардын Их сургуулийн профессор Н.Грегори Мэнкьюгийн Эдийн засгийн ухааны үндсүүд (гутгаар хэвлэл) хэмээх алдартай бүтээлийг монгол хэлнээ хөрвүүлэн толилуулж байна. Энэхүү бүтээл нь микро болоод макроэдийн засгийн онолыг гүнзгий судалж буй оюутан, магистрант, докторант болоод эдийн засгийн онолын хичээл зааж буй багш нар мөн тэрчлэн эдийн засгийн онолыг гүнзгийрүүлэн судлах хүсэлтэй хүн бүрт зориулагдсан сурах бичиг юм.
Одоогоор манай улсад микро болоод макро эдийн засгийн онол, практикийн асуудлаар манай орны Их, дээд сургуулиудын оюутан сурагчид, эрдэмтэн багш нарт гарын авлага болохуйц заах арга зүйн хувьд боловсронгуй ном, сурах бичгүүд монгол хэлээр бэлтгэгдсэн нь чамлалттай цөөн. Өмнө нь профессор Н.Мэнкьюгийн 1992 онд нийтлэгдэн дэлхий дахинаа бестселлер болсон Макроэдийн засаг хэмээх ном (профессор Д.Бямбаа нарын орчуулга, редакцаар) манай хэрэглэгчдийн ширээний ном болж чадсан бөгөөд зохиогч дэлхийд алдартай Харвардын Их сургуульд хорь гаруй жил багшилсан туршлагадаа тулгуурлан эдийн засгийн онолд суралцагч бүхэнд зориулж эдийн засгийн төрөл бүрийн загваруудыг ашиглан, ойлгоход хамгийн хялбар аргаар бэлтгэн гаргасан нь өнөөдөр дэлхийн олон орноо хөрвүүлэгдэн тэдний сургалтын практикт өргөн хэрэглэгдэж байна.
Номыг англи хэлнээс хөрвүүлэх явцад зах зээлийн эдийн засгийн нэр томъёо монгол хэлнээ тогтож зүгшрээгүй, зарим үгсийн монгол эквивалентыг томъёолоогүй эсвэл томъёолоход хялбар бус, элдэв ном сурах бичгүүдэд өөр өөрийнхөөрөө бичиж хэрэглэсэн байх зэрэг бэрхшээлтэй байнга тулгарч байлаа. Бид дээр дурдсан Н.Мэнкьюгийн Макроэдийн засаг номны монгол орчуулгад тогтоосон нэр томъёог гол үндэс болгон ашигласны зэрэгцээ зохиогчийн өмнө нь орос хэлнээ хөрвүүлэгдсэн Принципы микроэкономики болон Принципы макроэкономики номуудын орос хэлээрх томъёоллуудыг монгол хэлнээ буулгах зэргээр нэр томъёонуудыг тогтоон хэрэглэлээ. Оюутан сурагчдаас үндсэн ухагдахуунуудын тодорхойлолтыг хялбар эргэн үзэж материалуудыг хурдан сэргээн санаж байхад дөхөм болох болов уу хэмээн бодож сэдэв бүрийн хажуу талбайд үндсэн ойлголтуудыг томъёолсны зэрэгцээ номонд орсон нэр томъёонуудыг англи нэр томъёотой хамтад нь хадаж тайлбарын хамтаар толь бичиг болгон хавсаргав.
Энэхүү номонд микро болон макро эдийн засгийн салбар аль алин нь багтсан бөгөөд бид микро эдийн засгийн асуудлаар оюутан сурагчдын хэрэглэх ном сурах бичгүүд тун ховор байгаа, хэвлэх үйл ажиллагааны боломж болоод хэрэглэгч таныг ашиглахад тань хөнгөн хялбарыг нь бодолцож эхний удаад микроэкономиксын хэсгийг нь толилуулсан бөгөөд одоо бид макроэкономиксын хэсгийг уншигч таны гарт өгч байна. |