|
Шонхор жигүүргүй болбол огторгуйд чадалгүй, хүн морьгүй болбол газарт хүчгүй» гэжээ. Тохиолдох явдал бүхэн, цөм өөртөө шалтгаантай, олсонд эх үзүүр бий бол, сүүл бас байдаг. Зөв замыг барьсан тэнүүлч орчлонгийн уудам цэлгэрийг туулан зорьсондоо хүрч, цалгардан осолдвол үхлийн марзад тулгардаг гэдэг. Хүн, цэцэглэж байгаа суурин тосгоныг эвдэн сүйтгэгч, галт уулын дэлбэрэх, мөн хүчирхэг эзнийг эсэргүүцэж, дарлагдсан ардын хөдлөн босох, тэрчлэн эх нутагтаа үзэгдээгүй харь хэрцгий улсын цөмрөн орж ирэх элдэв тохиол учралыг үзсэн байтал түүнээ бичигт тэмдэглэн, хойч үедээ хоцроох ёстой. Хулсан үзгийн туужийн үгийг хэлхэн найруулах эрдэм сураагүй бол хашир бичээчид дуртгалаа сайтар хэлж, бөх цаасанд тэмдэглүүлж үеийн үед хоцроох хэрэгтэй.
Сэтгэл хөдөлгөм явдлыг амсан үзээд, дув дуугүй суудаг бол, үхлийн хүйтэн гар толгойг нь шүргэж байхад, эрдэнэсээ нөмрөгтөө ороогоод, цөл газар булагч харам хявцаг хүнтэй үлгэр нэгэн. Гэвч би, хулсан үзгээ хурцалж, бэхэд дүрснээ: Ард амьтныг хайрлах сэтгэлгүй алан хядсан Чингис хаан, түүний догшин цэргийн тухай үнэн зөвөөр өгүүлэхэд үг чадал минь ер хүрдэг болов уу? гэж эргэлзэн бодлоо. Цэргийн манлайд, шар сахалтай эзэн нь удирдан довтолж, догшин цэрэг нь замдаа түмэн хүнийг чавчин алж, хүүрийг хоцроон цуцашгүй мориороо Мавераннахар, Хорезмийн энх тайван голоор довтолж, умарт цөл талын тэр зэрлэгүүдийн довтлох нь үнэхээр аймшигтай байж билээ. Тэр үед агшин зуур аюул гарч, амьтан хун «шатаж байгаа суурины утаанд бүрхэгдсэн тэнгзрийн хаяа дахин гийн цэлмэх болов уу? Ингээд л ертөнцийн эцэс болох нь уу?» гэж бие биеэ асууцгаадаг байж билээ.
Намайг Чингис хааны тухай сонссоноо, мөн монголчуудын довтолсон тухай дуулсанаа бичиж үзнэ үү? гэж олон хүн ятгадаг байсан. Удтал цааргалан түдгэлзсээр одоо бодоход миний удтал дув дуугүй суудаг минь өчүүхэн ч ашиггүй тул тийнхүү газар дэлхий дээр өдөр ч шөнө ч ер үзээгүй их аюул, хүн төрөлхтөнд нэн ялангуяа гамшиг зовлонд нэрвзгдсэн Хорезм чиний хөдөлмөрчин ард олныг дайран өнгөрснийг тодорхойлон бичихээр санаа шулуудлаа. Хэтийн юмыг хэтэрхий хол өгүүлэхгүйн учир үүгээр тасалбар болгосугай. Өвгөд настан, миний өгүүлсэнийг үнэн гэж гэрчилж өгөх байх. Шургуу тэвчээртэй хүн бол үүсгэсэн хэргийнхээ сайн төгсгөлийг үзэж, эрдэм эрсэн хүн сураглан зорьсноо олдог гэлээ. |